Хөгжмийн боловсролын хичээлийн арга зүй

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн IX ангийн сургалтын

хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 9-р ангийн хөгжмийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг БСШУ-ны сайдын 2010 оны 10-р сарын 15-ны өдрийн 462-р тушаалын 25-р хавсралтаар баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хөгжмийн хичээлийг 9-р ангид долоо хоногт 1 цагаар, жилд 35 цаг үзэхээр тусгажээ.

Хөтөлбөрийн агуулга: Орчин үеийн хөгжим

Хүлээгдэж буй ерөнхий үр дүн:

Орчин үеийн хөгжмийн урлагийн тухай /хөгжмийн модернизм, импрессионизм, экспрессионизм, авангардизм, джаз, эстрад хөгжим/ ерөнхий ойлголттой болох, орчин үеийн хөгжмийн зохиолын төрөл зүйлийг сонсох, тодорхойлох, ялган таних, дуулах, зурах бичих, санаа бодлоо илэрхийлэх, сонгодог хөгжмийн бүтээлийг сонсох, ойлгосноо ярих, харьцуулах, джаз, эстрад хөгжмийн бүтээлийг сонсож сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх, санал солилцох, дуулах арга барил эзэмших, дуу хөгжим бүжгийн хамтлагт оролцож тоглох, уран сайхны хэрэгцээ төлөвших, харилцаанд суралцах

Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг:

9-р ангийн сургалтын хөтөлбөрийн агуулгын тогтолцоог хөгжмийн хичээлийн үндсэн элемент болох дуулах, сонсох, хөгжимдөх, бүжиглэх гэсэн үйлийн төрлүүдээр дамжуулан орчин үеийн хөгжмийн хөгжлийн чиг хандлага, хөгжмийн модернизм, импрессионизм, экспрессионизм, авангардизм, джаз, эстрад хөгжмийн тухай үндсэн ойлголтуудын хүрээнд 35 цагт багтаан судлана.

Хөтөлбөр үндсэн 2 бүлэг сэдвээс бүрдэнэ.

Ø ХХ зууны хөгжмийн урлагийн хөгжлийн чиг хандлага бүлэг сэдвийн хүрээнд /20 цаг/

Модерн хөгжим

  • Импрессионист чиглэл
  • Экспрессионист чиглэл
  • Авангардизм
  • Хөгжмийн зохиомжийн арга техник

Ø Орчин үеийн эстрад хөгжмийн урлаг бүлэг сэдвийн хүрээнд /15 цаг/

  • Джаз хөгжим
  • Симфони джаз
  • Эстрад хөгжим
  • Рок, поп

I бүлэг сэдвийн хүрээнд дараах мэдлэгийг эзэмшинэ.

- XX зууны хөгжмийн урлагийн хөгжлийн чиг хандлага, төрөл зүйл, тэдгээрийн онцлог

- Хөгжим ба урлагийн бусад төрлүүдийн уялдаа холбоо

- Модерн- чиглэл / импрессионизм, экспрессионизм, авангардизм/ -ийн тухай ойлголт

- XX зууны мэргэжлийн хөгжмийн зохиолчид, тэдгээрийн уран бүтээлийн онцлог

- ХХ зууны хөгжмийн урлагийн хөгжлийн чиг хандлага ба монголын хөгжмийн урлаг

- ХХ зууны хөгжмийн зохиомжийн арга техник /додекафон, сонорика, алеаторика, бодит хөгжим гэх мэт./

II бүлэг сэдвийн хүрээнд дараах мэдлэгийг эзэмшинэ.

- Орчин үеийн эстрад хөгжмийн урлагийн төрөл зүйл /джаз, спиричуэлс, блюз, регтайм, симф-джаз, диксиленд, рок, поп, рок-н-ролл/

- Гол төлөөлөгчдийн /Л.Армстронг, Элвис Пресли, Скот Жоплин, Ж.Гершвин, Бенджамин Гудмен, Чарли Паркер,/ уран бүтээлээс танилцах

- Гадаадын болон монголын эстрад хөгжмийн урлагийн түүхэн хөгжил, онцлогийг мэдэх

- Эстрад /рок поп джаз, мюзикл, хип хоп/ урлагийн тухай товч ойлголт

- Монголын эстрад хамтлагууд /поп рок, хард рок, кантри, техно реп, гранж рок, регги, прогрессив рок, поп техно,/ тэдгээрийн уран бүтээлийн талаар мэдэх.

 

      Бүлэг сэдэв
20-р зууны хөгжмийн урлагийн чиг хандлага

 

 

     хамрах хүрээ

Суралцагчид өмнөх хичээлээр XVIII-XIX зууны хөгжмийн урлагийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдсэн байна /Тухайн насны суралцагчид нь анхаарлаа төвлөрүүлэх чадвар сайн, бие даан суралцах арга барил эзэмшилт сайн/

-Суралцагчид энэ хичээлээр ХХ зууны хөгжмийн урсгал чиглэлүүд, онцлог, гол төлөөлөгчид, тэдгээрийн шилдэг бүтээлүүдтэй танилцана

-ХХ зууны нийгмийн хөгжлийн хандлага, орчин үеийн хөгжмийн урлагийн урьдчилсан нөхцөл хэрхэн бүрэлдсэн талаар ойлголттой болох

Хэрэгцээ

Хувь хүний

Хөгжмийн урлагийн хөгжил, Модернист урсгал чиглэлүүдийн онцлогийг таних, сонгодог хөгжмийн урлагийн үнэ цэнийг ойлгох, урлагийн өв сан, үнэт зүйлээр бахархах,

-Хөгжмийн урлагийн шинэ урсгал чиглэлүүд, хөгжмийн зохиолын төрөл хэлбэрүүдийг мэдэх

-XIX-XX зууны үеийн нийгмийн амьдралын талаар ойлголттой болох

-ХХ зууны хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг судлах, сонсох, дуулах

Нийгмийн

Нийгмийн аливаа үйл явц үзэгдэлд дүн шинжилгээ хийх, тайлбарлах, өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлт өгч сурах, ХХ зууны хөгжмийн зохиолчдын уран бүтээлтэй танилцаж түүнээс суралцан танин мэдэхүйн болон практик үйл ажиллагаандаа хэрэглэх, асуудалд шүүмжлэлтэй , ухамсартай, хариуцлагатай, бүтээлчээр хандах чадвартай, соёлтой сонсогч болон төлөвших

Зорилго

ХХ зууны модерн хөгжмийн онцлог, импрессионизм,экспрессионизм, неоклассицизм, авангардизм, зохиомжийн арга техник, шинэчлэлийг таньж мэдэх,
мөн дэлхийн хөгжмийн
урлагийн шилдэг бүтээлийн өв сантай танилцах,

 

 

 

 

 

 

 

 

Зорилт

K1

ХХ зууны Хөгжмийн урлагийн түүхэн үечлэл, урсгал чиглэлүүд, онцлогийг танин мэдэх,Тухайн үеийн урлагийн салбарт гарсан өөрчлөлт шинэчлэлт, зохиомжийн арга техникийн талаар мэдэх, гол төлөөлөгчдийн уран бүтээлээс судлах

K2

ХХ зууны үеийн хөгжмийн суут бүтээлүүдийг сонсох, ялган таних, түүний мөн чанар утга санааг ойлгож чаддаг болох, ойлгож хүртснээ өөрийн үгээр тайлбарлах чадвартай болох
ХХ зууны үеийн хөгжмийн,алдартай зохиолуудаас дуулж хэсэгчлэн аялах, хэмнэлээр тоглож сурах, сонсох, өөрийн үгээр тайлбарлах

K3

Хөгжмийн урлагийн суурь мэдлэгтэй болсноор урлагийн гоо сайхны таашаал бүрэлдэж, гоо зүйн мэдрэмжээ хөгжүүлэх
Сонгодог хөгжмийн бүтээлийг сонсох хэрэгцээ төлөвших
Хүний дотоод сэтгэлийн илэрхийллийг хөгжмөөр дамжуулан ойлгох, мэдрэх
Хөгжмийн хэл, дүр дүрслэлийг ойлгож мэдрэх

Бие даан мэдээлэл цуглуулах , сонсох хөгжмийн урын сантай болох /CD, VCD, ном зохиол, интернэт аялал/

K4

Дэлхийн хөгжмийн урлагийн баялаг өв сантай танилцаж түүгээр бахархах хүндэтгэх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх
Хөгжмийн урсгал чиглэлүүдийн талаар өөрийн мэдэж сурсан зүйлээ бусадтай хуваалцах, хамтран ярилцах, санаа бодлоо солилцох, сонгодог хөгжмийн
шилдэг бүтээлүүдтэй танилцах, улмаар хөгжим сонсох хүсэл, сонсох соёл эзэмших.





Сургалтын агуулгын тогтолцоог 35 цагаар баримжаалсан ба үүнийг I бүлэг сэдэв болон нэгж хичээлд хуваарилбал:

I Бүлэг сэдэв

Нэгж хичээлийн сэдэв

Цаг

Орчин үеийн хөгжмийн урлагийн хөгжлийн чиг хандлага

Орчин үеийн хөгжим, Импрессионизм

6 цаг

Экспрессионизм

4 цаг

Неоклассицизм, Авангардизм

4 цаг

Монголын орчин үеийн хөгжим

6 цаг


20 цаг

 

Нэгж хичээлийн сургалтын орчин

Сургалтын гадаад орчин, хэрэглэгдхүүн

Дотоод орчин

Бүтээлч үйлийн орчин

Хөгжим 9 сурах бичиг, зурагт үзүүлэнгүүд, зохиолчдын хөрөг, CD, YCD хөгжим, бичлэг, проектор, комьпютер,бусад гарын авлага материал

9-р ангийн сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон үйлээр дамжуулан сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх,
"Эелдэг харьцаа", Инээмсэглэл, "Итгэлцэл" уриан дор хичээлээ зохион байгуулах

Хөгжмийн зохиолчдын уран бүтээлээс сонсоод дүр дүслэл үүсгэх,
Урын сан бүрдүүлэх, бие даалт хийх
, хөгжмийн сувгууд болон интернетээс мэдээлэл цуглуулах, Дүрийн тоглолт хийх, Сэдэв аялгууг ноотоор дуулах

 

Нэгж хичээл

Ээлжит

хичээл

Орчин үеийн хөгжим, Импрессионизм

Судлагдхуун

ур ухаан

Хэрэглээ

Орчин үеийн хөгжим, Импрессионизм

1

XX зууны хөгжмийн урлагийн хөгжлийн чиг хандлагууд, тэдгээрийн онцлог

-Модерн чиглэл, шинэ хөгжим,импрессионизмийн тухай ойлголт

Импрессионизмийн гол төлөөлөгчид

-Хөгжим ба урлагийн бусад төрлүүдийн уялдаа холбоо

-Импрессионист хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн онцлог, зохиолын төрөл, хэлбэр, агуулга, дүр дүрслэл

-Симфони чуулбар, хувилбар аяз, цуврал хэлбэр,

XX зууны хөгжмийн урлагийн түүхэн хөгжлийн талаар харилцан ярилцах, санал бодлоо солилцох,

-Хөгжмийн зохиолыг сонсох, төрөл зүйлийг ялган таних, хөгжмийн хэл, зохиолын агуулга дүрийг ойлгох, өөрийн үгээр тайлбарлах, үнэлэлт дүгнэлт өгөх

- Сонссон хөгжмийн зохиолоо дүрслэх урлаг, утга зохиол, урлагийн бусад төрлүүдтэй холбон ойлгох, тайлбарлах, санал бодлоо солилцох, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх

- Хөгжмийн бүтээлээс сэдэв аялгуу сонсох, дуулах, /дууны өнгө цэвэр цээлхэн , үг хэллэг тодорхой байх, хэмжээ хэмнэлийг зөв мэдэрч дуулах, амьсгааны хуваарилалт зөв байх, утга санаагаа илэрхийлж уран яруу дуулах, хөгжмийн хамсраатай болон хамсраагүй дуулах,

-Хөгжмийн уран бүтээлийг сонсож тодорхойлох, өөр хооронд нь ялган таних

Сонсох хөгжмийн болон дууны уран бүтээлийн цуглуулгатай болох / фото, ауди, CD, DVD /

- Монголын хөгжмийн театрын тайзнаа тоглогдох дуурь , бүжгэн жүжгийг үзэх, сонсох

/ мөн DVD; VCD, телевиз, радио /

- Хөгжмийн сувгууд болон интернетээр аялах

-Мэргэжлийн хөгжмийн урлагийн шилдэг өв сангаас суралцах, оюуны хэрэгцээгээ хангах,

уран бүтээлээс сонсох, сонирхох, дуулах

-Орчин үеийн хөгжмийн зохиолчдын уран бүтээлтэй танилцаж түүнээс суралцан танин мэдэхүйн болон практик үйл ажиллагаандаа хэрэглэх, асуудалд шүүмжлэлтэй , ухамсартай, хариуцлагатай, бүтээлчээр хандах чадвартай, соёлтой сонсогч болон төлөвших

К.Дебюссийн уран бүтээл, Сарны гэрэл

1

К.Дебюсси Тэнгис симфони чуулбар

1

Сүм, Гренадын үдэш, Бороон доорх цэцэрлэг төгөлдөр хуурын цуврал

1

М.Равелийн уран бүтээл, "Болеро" симфони хувилбар

1

Ж.Пуччиний уран бүтээл, "Чио Чио Сан" дуурь

1

II бүлэг сэдвийн агуулгыг 15 цагт багтаан дээрх загвараар төлөвлөж болно.

Арга зүй

9-р ангийн хөгжмийн сургалтын хөтөлбөр нь агуулгын хувьд нилээд өргөн хүрээтэй, ХХ зууны хөгжмийн урлаг дахь олон урсгал чиглэлүүд, тэдгээрийн онцлог, арга барил, гол төлөөлөгчидийн бүтээлүүд, төрөл, хэлбэртэй танилцана. Энэ нь суралцагсдаас бүтээлч сэтгэлгээг шаардана. Бүтээлч сэтгэлгээ бол өөртөө маш олон чадвар, үйл ажиллагаа, үнэт зүйлийг багтаасан өргөн хүрээтэй ойлголт. Хөгжмийн хичээлээр янз бүрийн сэдэв агуулга бүхий олон дуу, хөгжмийн зохиолыг сонсдог. Ялангуяа дунд ахлах ангид хөгжмийн утга зохиол /текст/ юу өгүүлж байна гэдгийг анхааралтайгаар сонсож, ойлгох чадвар маш чухал. Үүний тулд багш сурагчдыг уншсан зүйлээ сайтар ойлгож, тогтоож түүнийгээ бусдад илэрхийлэх чадварт сургахад багш бүдүүвч зураглал зохиох аргыг хэрэглэх нь үр дүнтэй. Энэхүү зураглалыг хийхийн тулд:

1. Сонгож авсан материалаа уншина.

2. Уншсан зүйлээ дахин гүйлгэн харж тодоор бичсэн үг үсэг, сэдвийн нэрсийг тогтоож авна.

3. Уншсан хэсгийнхээ хамгийн чухал зүйл нь юу болохыг тодорхойлно. Энэ нь тухайн хэсгийн гарчиг болно гэсэн үг. Гарчгаа тэмдэглэх хуудасны голд байрлуулаад түүнээсээ бусад санаануудыг салбарлуулан бүдүүвч зураглал хийнэ.

4. Гол санаагаа хэд хэдэн /4-6/ дэд гарчгуудад хуваана.

5. Хэрвээ бүдүүвч зураглалд орсон бол сэдэв бүр нь дэд хэсгүүд болж өгнө.

Уран зураг

Модернизм

Импрессионизм

Авангардизм

Экспрессионизм

Уран зохиол

А.Шёнберг

Мунк

Хөгжим

Додекафон

Бодит хөгжим

Мөн сонссон хөгжмийн талаар тэмдэглэл хийх аргыг өргөн ашиглавал зохино.

Хөгжмийн зохиолыг сонсохын тулд юуны өмнө сонсох бэлтгэлийг хангах нь чухал.

Үүний тулд:

- Нам гүм орчинг бий болго.

- Тав тухтай байдалд сонс.

- Анхаарлаа төвлөрүүлж сонс.

- Хөгжмийн чанга сул хүчийг тохируул./намуухан/

- Боломжтой бол уран зураг харж төсөөл.

Зохиолыг сонсож байх үедээ сонссон хэсгийнхээ талаар тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө хянах түгээмэл аргуудын нэг юм. Тэмдэглэл хийхдээ дараах алхмуудыг дагаж мөрдөнө. Үүнд:

1. Сонссон хөгжмийн зохиолын нэр, зохиогчийг бичнэ.

2. Хөгжмийн зохиолын ямар төрөл зүйлд хамаарах? / дуулаач, дан хөгжим эсвэл дуу, сонат, оратори, магтуу, концерт, гоцлооч, найрал дуучид гэх мэт/

3. Ямар хөгжмийн зэмсгээр хөгжимдсөн? /ардын хөгжим, симфони оркестр, төгөлдөр хуур, нарийн бүрээ, морин хуур гэх мэт/

4. Аялгууны шинж төрх, онцлогийг үгээр болон график зураглалаар зурж тэмдэглэх. /эрчилсэн, намуун, тайван, тасралтгүй, нэгэн хэвийн, огцом, эрс тэс, эмзэг, тогтворгүй гэх мэт/

5. Аялгууны хурд болон динамикийн өөрчлөлт, хэдэн хэсэгтэй болох.

6. Хөгжмийн зохиолын агуулга, дүрийн талаар өөрийн төсөөлөлөө бичих эсвэл зурж тэмдэглэх, өөрийн санал сэтгэгдлийг оруулах.

7. Зохиолын агуулга, утга санааг өөрийн амьдрал туршлагатай холбож тэмдэглэх.

8. Зохиолын үйл явдал, өрнөл хөгжилтэй холбогдуулан асуулт гаргах.

Хөгжим өөрөө хийсвэр сэтгэлгээний урлаг учраас хөтөлбөрийн агуулгыг хэрэгжүүлэхдээ урлагийн бусад төрлүүдтэй интеграци хийх чухал. Тухайлбал: Импрессионист уран бүтээлчдийн зохиолын гол сэдэв нь байгалийн өнгө будаг байдаг. Тэгвэл импрессионист хөгжмийн зохиолчид байгалийн үзэсгэлэнт дүр төрхийг хөгжмөөр хэрхэн дүрсэлснийг таниулахдаа модернист яруу найраг, импрессионист уран зурагтай хослуулан ойлгуулах нь үр дүнтэй бөгөөд суралцагсдад бодитоор мэдрэх мэдрэмжийг төрүүлнэ. Жишээ нь:

К.Дебюсси Тэнгис симфони чуулбар

Салхи тэнгис хоёрын яриа /сэдэв аялгуу/

Байгалийн үзэсгэлэнт дүр төрх модернист яруу найрагт

Царцаахайн мөнгөн царгиа

Салхины алтан сэрчигнээтэй нийлээд

Цам харайх тогорууны бүжгэнд

Хүн байтугай хулгана хүртэл автаад

Нуурын дээрээс манан халамцан хөөрөхөд

Нугас ангир дуугараад

Нуугин шуугих нарсан ойн гоо үзэсгэлэн

Нүдийг минь нээмүй.

/Б.Галсансүх. Нүдийг минь нээмүй/

Тэнгис байгалийн зураглал уран зурагт:

Хөтөлбөрийн агуулгыг хэрэгжүүлэхдээ суралцагсдын хэрэгцээ сонирхолыг сайтар тооцох хэрэгтэй. Үүний тулд тухайн сэдвийг хөгжмийн үйл ажиллагааны иж бүрэн төрлөөр дамжуулан сэдвийг олон талаас нь харж, ухаарч ойлгох боломжийг бүрдүүлэх нь зүйтэй. Уран бүтээлийн тухай агуулга төгөлдөр сонирхолтой яриа, сонсгож байгаа зохиолын дүр дүрслэлийг илэрхийлсэн зураг, сэдэв аялгууны ноот, хэмнэлээр хөгжимдөх ритмийн зураглал гэх мэт. Жишээ нь:

М.Равелийн "Болеро" симфони хувилбар зохиолтой танилцуулахдаа:

Уран бүтээлийн тухай яриа

Нарлаг испани орны ардын "Болеро бүжгийн хэмнэлд тулгуурлан" ер бусын өвөрмөц зохиомжоор туурвисан симфони бүтээл бол М.Равелийн "Болеро" симфони хувилбар юм. ХХ зууны нэрт бүжигчин эмэгтэй Ида Рубенштейны захиалгаар бичигдсэн энэ симфони-бүжгийн хөгжим 1928 онд анх тоглогдсноор Равелийн нэрийг дэлхий дахинд алдаршуулсан юм. Нэг сэдэв аялгуун дээр түшиглэн зохиогдсон уг бүтээл 18 удаа хувилбарлан баяжиж, тухай бүртээ гайхалтай давтагдашгүй дүр төрхөөр эгшиглэдэг.

Нэг аялгууг олон янзаар хувирган хөгжүүлж давтах маягаар зохиогдсон, хөгжмийн зохиолын хэлбэрийг Вариац буюу Хувилбар аяз гэдэг.

Аажмаар хүрээгээ тэлэн өрнөх хөгжим нь ганц хүний эгэл даруухан гоцлол бүжгээс олныг хамарсан сүрлэг бүжиг, сүрт жагсаал болон хувирах мэт сэтгэгдэл төрүүлдэг. Болеро зохиолын хамгийн оргил хэсэг нь нүд гялбам гэрэл гэгээ цацруулж, эрч хүч, баяр баясал дүүрэн эгшиглэдэг.

Сонсгож байгаа зохиолын дүр дүрслэлийг илэрхийлсэн зураг

Дуулах, сонсох сэдэв аялгууны ноот

БОЛЕРО М.Равель

Хөгжимдөх хэмнэлийн зураглал

Хөгжмийн сургалтанд янз бүрийн хөгжмийн нэр томьёо олонтаа тохиолддог. Иймд сурагчдын үгийн нөөцийг баяжуулах, хөгжмийн нэр томьёо, судлагдхууныг таниулах арга барилын нэг болох тулгуур үгсийн талаар судалгаа хийх аргыг ашиглах хэрэгтэй юм. Тухайлбал: Хичээл бүрт багш ямар нэгэн хөгжмийн зохиолыг сонсгодог. Сонсгож байгаа аливаа хөгжмийн зохиол бүтээл ямарваа нэг зүйлийн тухай өгүүлэн ярьж, түүнийг дүрслэн илэрхийлж байдаг. Тэгвэл хөгжмийн зохиол чухам юун тухай өгүүлэв? гэдэг чухал. Үүний тулд "хөгжмийн зохиолын дүр" сэдвийн хүрээнд 4-5 түлхүүр үгийг сонгон авч түлхүүр үгийн судалгаа хийх дасгал ажилтай танилцъя.

Энэхүү судалгааны эхний ээлжинд тухайн сэдвийн хүрээнд концепцийн шинжтэй дараах мэдлэгийг заавал эзэмшсэн байх шаардлагатай. Үүнд:

- Аливаа хөгжмийн зохиол бүтээл ямарваа нэг зүйлийн тухай өгүүлэн ярьж, түүнийг дүрслэн илэрхийлж байдаг.

- Тэр л хөгжмөн яриа, өгүүлэмж бидэнд хөгжмийн дүр дүрслэлийг бий болгодог.

- Энэхүү хөгжмийн дүрийг бид зөвхөн сонсож танин мэднэ.

- Бидний сонсож танин мэдэх хөгжмийн дүр нь өвөрмөц хэлээр дамжин хүртэгддэг.

Энэхүү ерөнхий ойлголтыг танилцуулсны дараа "Хөгжмийн дүр дүрслэл" сэдвийн 5 тулгуур үгийг сонгож авна. Үүнд:

1. Хэмнэл /ритм/

2. Эгшиг /звук/

3. Өнгө аяс /тембр/

4. Хурд /темп/

5. Хүчдэл /динамик/

Тулгуур үгсийг сонгож авсны дараа эдгээр нэр томьёог тодорхойлж өгнө.

1. Хэмнэл-Ритм. Хөгжимд хэрэглэгддэг янз бүрийн урттай эгшгүүдийг тодорхой зохион байгуулалттай дараалалд оруулсныг хэмнэл гэнэ.

2. Эгшиг-Звук. Хөгжмийн утга илэрхийлэх үндсэн хэрэглүүр. Хөгжмийн эгшгүүд өндөр нам янз бүр байх бөгөөд түүнийг үндсэн 7 нэрээр нэрлэдэг.

3. Өнгө аяс-Тембр. Хөгжмийн эгшгийн гол шинж тэмдэг. Нэг эгшгийг өөр өөр хөгжмийн зэмсэг, өөр өөр хоолойгоор, өөр өөр арга маягаар дуулахад ялгарах шинжийг өнгө аяс гэдэг.

4. Зохиолын агуулгаас шалтгаалан тогтоогдсон хөгжимдөх /дуулах/ хурдыг темп гэдэг. Хөгжмийн зохиолыг дуулах хөгжимдөхөд хэмжээний хувийн үргэлжлэх хугацааг заана. Зохиолын эхэнд /хурдан, удаан гэх мэт/ үгээр тэмдэглэнэ.

5. Хүчдэл нь хөгжмийн зохиолын дуурьсалын чанга сулыг илэрхийлнэ. Хөгжмийн зохиолын агуулга дүрийг уран илэрхийлэх хамгийн чухал хэрэглүүр. Хүчдэл хүний сэтгэл хөдлөлд онцгой нөлөөтэй.

     Ийнхүү дүрслэлийн хэрэглүүрийн тулгуур үгсийг тодорхойлон таниулсны дараа сурагчид энэ талаар ямар ойлголттой байгааг судлан үзэх хэрэгтэй. Шинэ үг, нэр томьёог тодорхойлолтын хамт том цаасан дээр тэмдэглэж, сурагчид түүнийг хичээлийн явцад харж байхаар хананд байрлуулна.

Сурагчид тухайн үгийн талаар өмнө нь ямар мэдлэг мэдээлэлтэй байсан талаар тодруулна. Үүнд:

1. Хэмнэл гэсэн үгтэй ижил утгатай үгсийн талаар ярилцана. Жишээ нь: Хэм-хэмжээ, хугацаа,

2. Цаасыг 2 хувааж нэг талд нь хэмнэл, нөгөө талд нь хэм хэмжээ гэдэг үгийн талаар сурагчдаар бичүүлнэ.

3. Эдгээр үгийн талаар жижиг бүлгээр /багаар/ хэлэлцүүлэг хийнэ. Энэ үгийг ямар тохиолдолд хэрэглэж болох талаар ярилцана. Ижил болон төсөөтэй утга бүхий үгийг олж тэмдэглэнэ.

4. Хэмнэлийг тодорхойлсон янз бүрийн өгүүлбэрүүд бүтээж бичнэ.

5. Толь бичигтэй ажиллаж мэдээлэл олж авч болно.

6. Хэмнэл гэдэг үгийг бусад хичээл болон амьдрал ахуйн жишээн дээр ойлгож хэрэглэж хэвшинэ.

Хөгжмийн нэр томьёотой танилцуулахад АХА, Бинго тоглоомын аргыг мөн ашиглах нь хүүхдийн идэвх сонирхолыг өрнүүлэхээс гадна хөгжмийн ухааны олон нэр томьёог хялбархан тогтоох арга болно.

Үнэлгээ:

Хөгжмийн боловсролыг ЕБС-ийн 1-9 ангид эзэмшүүлж байна. 1-9 ангиудын хөтөлбөрийн агуулгыг дуулах, хөгжим сонсох, хэмнэлийн хамсраа хийж хөгжимдөх, бүжиглэх, дүрд хувирч тоглох үйлээр дамжуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ явцад суралцагсад хөгжмийн үйл ажиллагааны төрөл тус бүрээр дараах чадваруудыг эзэмшсэн байвал зохино. Багш, суралцагсдын цогц чадамжийг үнэлж дүгнэхдээ дараах чадваруудад баримжаалах хэрэгтэй. Үүнд:

Дуулах чадвар:

- Дууны өнгө тод байх

- Үг хэллэг тодорхой байх

- Зогсолт /пауз/, өргөлт /акцент/ тодорхой байх

- Хэмжээ, хэмнэлийг зөв мэдэрч дуулах

- Амьсгаа гүн, түүнийг зөв хуваарилах /дуулах үеийн биеийн байршил/

- Агуулгад тохируулан өнгө аясыг зөв илэрхийлж дуулах

- Темп түүний өөрчлөлтийг мэдэрч дуулах /хурдсах, удаашрах/

- Утга илэрхийлж уран яруу дуулах / хүчдэл/

- Сэтгэл хөдлөлөө илэрхийлж итгэл үнэмшилтэй дуулах

- Өөрийгөө сонсож дуулах

- Бусдыг сонсож, нийцэж дуулах /зэрэг эхлэх, төгсөх, ижил хурдацтай/

- Хөгжмийн хамсраатай, хамсраагүй дуулах

- Янз бүрийн орчинд бие даан дуулах

- Бусдад үнэлэгдэх хэмжээнд дуулах

- Сонсогчийн хэрэгцээг мэдэрч дуулах

Хөгжим сонсох чадвар:

- Эхнээс нь дуустал тэвчээртэй сонсох

- Анхааралтай идэвхтэй сонсох

- Сонсголын ажиглалт хийж сонсох

- Хөгжмийн хэлийг мэдэрч сонсох

- Дүр бүтээж сонсох

- Хөгжмийн зохиолыг ухварлан ойлгож сонсох

- Сэтгэл хөдлөлөө илэрхийлж сонсох

- Дүгнэлт хийж сонсох

- Онцолсон зүйлээ тэмдэглэж сонсох

- Ямар ч орчинд идэвхтэй сонсох

- Сонсоод санаа бодлоо солилцох

Хэмнэлээр хөгжимдөх чадвар:

- Хөгжмийн зэмсгийг таньдаг нэрлэж чаддаг байх

- Хөгжмийн зэмсгийн дуугаралтын онцлогийг ялган таньдаг байх

- Энгийн хөгжмийн зэмсэг дээр тоглох арга барилыг эзэмшсэн байх

- Ансамбль-аар тоглохдоо өөрийгөө болон бусдыг сонсож хөгжимдөх

- Хөгжмийн динамикийг зөв мэдэрч тоглох

- Хөгжимдөх хурдыг зөв илэрхийлэх

- Хөгжмийн зохиолд хэмнэлийн хамсраа хийж хөгжимдөх

- Хялбар хэмнэлийн зураглалыг зөв уншиж хөгжимдөх

- Дуулахдаа хэмнэлийн хамсраа хийж хөгжимдөх

- Зохиолын хурд болон динамикийн өөрчлөлтийг мэдэрч зэрэг хөгжимдөх

Бүжиглэх чадвар:

- Хөгжмийн хэмнэлийг мэдэрч хөдөлгөөнөөр илэрхийлэх

- Нэг хөдөлгөөнөөс нөгөөд шилжих шилжилт, хөдөлгөөний эвсэл

- Хөгжмийн чанга сул эгшиглэлтэд тохируулан хөдөлгөөнөө зохицуулах

- Хөгжмийн хурдыг мэдэрч хөдөлгөөний эрчим болон зүг чигээ өөрчлөх

- Зохиолын эхлэл төгсгөлийг мэдэрч хөдөлгөөнөө тохируулах

- Уран сайхны дүрийг ургуулан бодож хөдөлгөөнөөр дүрслэн илэрхийлэх

- Уран илэрхийлэлийн аргыг мэдэрч хөдөлгөөнөөр дамжуулан илэрхийлэх /легато, стакатто, нонлегато/

- Бие даан хөгжимт хөдөлгөөн хийх

- Хөгжимт хөдөлгөөнөө бусадтай нийцүүлж хийх /ансамбль/

- Хөгжмийн дүрслэлийн өөрчлөлтийг мэдэрч хөдөлгөөнөө зохицуулах

- Аялгууны шинж төрхөд тохируулан хөдөлгөөн зохиомжлох

Дүрд хувирч тоглох чадвар:

- Дүрд хувирч тоглох боломж бүхий дуу хөгжимд хөдөлгөөний зарим элементийг ашиглах

- Сэтгэл хөдлөлөө илэрхийлэн дууриан дүрслэх хөдөлгөөн хийх

- Дуу, хөгжмийн зохиолын дүрүүдийн онцлог талыг дуу хоолой болон хөдөлгөөнөөр илэрхийлэх

- Янз бүрийн шинж төрх бүхий тоглоомын дүрийг илэрхийлэх

- Хэн нэгнийг дууриалгүйгээр бие даан дүр бүтээх

- Дуу, хөгжмийн зохиолоос олон янзын дүрслэлийг мэдэрч сэтгэл хөдлөлөө илэрхийлэн тоглох

Жишиг даалгавар:

Уншаад орчин үеийн хөгжмийн ямар урсгал, зохиомжийн ямар арга техник болохыг тодорхойл.

?

?

?

?

Францаар- сэтгэгдэл гэсэн утгатай үг. XIX зууны эцэс XX зууны эхээр Өрнө дахины урлагт гарч ирсэн орчин үеийн уран сайхны чиглэл.

Эгшгүүдийг дахин давтахгүйгээр янз бүрийн зохион байгуулалтанд оруулж, эгшиг тус бүрээс тодорхой зохион байгуулалттай дарааллуудыг бий болгон хөгжим зохиох арга.

Тохиолдлын гэсэн утгатай үг. Авиа эгшгүүдийг тэмдэглэсэн ноотнуудыг тохиолдлын байдал дээр үндэслэн байрлуулж бүтээн туурвих арга.

Тэргүүн хэсэг, манлайлах гэсэн утгатай үг. Хөгжмийн эгшгийн оронд амьдрал дээрх тодорхой дуу авиа, чимээ шуугианыг ашиглаж шинэ хөгжим бүтээх арга.

Зураглалыг ажиглаад хөгжмийн хэллэгт гарсан хувьсал өөрчлөлттэй холбон тайлбарла. Хөгжмийн зохиолын бичлэгийн хэв маягийг өөрсдийн мэддэг зохиол дээр жишээ татан ярь.